by

КРИПТОҮНДЭСТЭН КОМПАНИ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА 2017-12-20

Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс блокчэйн технологи ба криптовалютыг олон нийт, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, хувийн хэвшлийнхэнд таниулах, энэхүү шинэ үзэгдлийн талаар хэлэлцүүлэг хийж санал солилцох зорилготойгоор Хөрөнгө Оруулагч Үндэстний хоёр дахь чуулга уулзалтыг КриптоҮндэстэн нэрэн дор 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтад 1,200 гаруй хүн оролцож блокчэйн технологийн онцлог, энэхүү шинэлэг технологийн хэрэглээ, цахим мөнгөний хөгжил, биткойн болон бусад криптовалютын ирээдүйн төлөв, хууль эрхзүйн зохицуулалтын орчны талаар олон улсын мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, Монгол Улсад цаашид хэрхэх талаар санал солилцлоо.

Тус чуулга уулзалтаас үүссэн нэгэн санаачилгын дагуу Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон 12 дугаар сарын 9-ний өдөр хаалттай хүрээнд КриптоҮндэстэн хөрөнгө оруулалтын тусгай зориулалтын компани (цаашид ТЗК гэх)-ийг үүсгэн байгуулах хурлыг амжилттай зохион байгуулав. Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Ард Санхүүгийн Нэгдлээс санал болгосон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу криптовалютын багц бүрдүүлж хөрөнгө оруулалт хийх, криптовалютын олборлолт хийх саналыг үүсгэн байгуулагчид бүрэн дэмжив.

КриптоҮндэстэн ТЗК үүсгэн байгуулах хурлаасаа хойш долоо хоногийн хугацаанд 100 гаруй иргэд, аж ахуйн нэгжээс 2.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани Ард Менежмент нь тус ТЗК-ийн хөрөнгийг гурван жилийн хугацаанд, Ард Бит болон Аравт Битын хамтаар удирдах бөгөөд мэргэжлийн багийн судалгаан дээр үндэслэсэн хөрөнгө оруулалтыг хийж ажиллах болно.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Бит, ТэнГэр Системс, Номын Хишиг, Жинст Увс, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар
w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7707-8080, 77078181
И-мэйл хаяг: info@ardholdings.com , www.ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа!