by

АРД ХОЛДИНГСЫН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО 2017-12-02

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-йн охин компаниуд арван нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногуудад Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тайлангийн хурлаа ээлж дарааллан зохион байгуулсаар арван нэгдүгээр сарын 29-30-нд Ард Холдингсын ТУЗ-ийн ээлжит хурлаар өндөрлөлөө. Үргэлжлүүлэн 12 сарын 1-2-ны өдрүүдэд Хөрөнгө Оруулагч Үндэстний хоёр дахь чуулга уулзалтыг КриптоҮндэстэн нэрэн дор амжилттай зохион байгуулж 1200 гаруй хүнийг нэг дөр цуглуулсан билээ.

Ард Холдингсын ТУЗ-ийн хурлын үеэр компанийн стратегийн зорилготой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасны дотор өнгөрсөн жилээс хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн арилжаалах хийх асуудал эцэслэгдэн шийдэгдэж, анхдагч зах зээл дээр хувьцааг нь арилжихаар болсон. Ингэснээр бид Монголын банк санхүүгийн зах зээл дээр хамгийн түрүүлж жирийн ард иргэд хувьцааг нь эзэмшиж болох байгууллага болж байгаа юм.

Бид Ард Даатгал ХХК дахь эзэмшлийн хувиа дахин 2 хувиар нэмэгдүүлж Ард Санхүүгийн Нэгдэл дангаараа Ард Даатгалын 95.3 хувийг эзэмшихээр боллоо. Мөн бид жилийн өмнө хөрөнгө оруулалтаа татан гарч байсан ТТДС-тай дахин хэлцэл хийж, 12 хувийг нь эзэмшихээр боллоо.

Ардын залуус блокчэйн технологийн онцлог, энэхүү шинэлэг технологийн хэрэглээ, цахим мөнгөний хөгжил, биткойн болон бусад криптовалютын ирээдүйн төлөв зэргийн талаар судлах, шинэ боломжийг нээх зорилготойгоор анх Ард Бит төслийг эхлүүлж байсан. Уг төсөл нь амжилттай, хурдтайгаар өргөжин тэлж, цаашлаад компани болсон ба Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ уг компанид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэр гаргалаа.

Мөн ТУЗ-ийн хурлын үеэр компанийн дотоод үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдалтай холбоотой хэд хэдэн журам бодлогыг гаргасан ба бид Монголын тэргүүлэгч засаглалтай нээлттэй хувьцаагаа арилжаалдаг санхүүгийн байгууллага болохын төлөө ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Бит, ТэнГэр Системс, Номын Хишиг, Жинст Увс, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар
w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7707-8080, 77078181
И-мэйл хаяг: info@ardholdings.com