Пресс Рилиз Улаанбаатар хот
Хөрөнгө Оруулагч Үндэстэн (цаашид Үндэстэн гэх) хаалттай хувьцаат компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017 оны 11 сарын 24-ны хурлын тогтоолоор Жинст Увс нээлттэй хувьцаат компанитай нэгдэж Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах болсныг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү урвуу нэгдэл нь Ард Санхүүгийн Нэгдэл нээлттэй хувьцаат компани болох үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Монголын Хөрөнгийн Бирж 8 сарын 15-нд Үндэстнийг нээлттэй болохыг зөвшөөрсөн билээ. Өдгөө 900 гаруй үндэсний хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн манай компани анх 2 жилийн тэртээ банк санхүүгийн байгууллагад хувь иргэд зөвхөн үйлчлүүлэгч бус өсөлт, ашгаас нь хүртдэг хувь эзэмшигчид болох чин эрмэлзлийн дор байгуулагдсан цоо шинэ компани юм.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь цаашид Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Монголын банк санхүүгийн салбарыг дэлхийн цахим хувьсгалтай хөл нийлүүлэн нээж өгөх зорилгын хүрээнд хувьцаа эзэмшигчдээсээ татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Засгийн газрын үнэт цаас, Монгол Шуудан, Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал компаниудын хувьцааг худалдан авсан бөгөөд манай нэгж хувьцааны дотоод үнэлгээ 2 жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй хувиар өссөн үр дүнтэй байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамир энэ талаар “Юуны өмнө бидний хүсэлтийг шалгаж, нийт хувьцаа эзэмшигчдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, бидний цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын холбогдох ажилтнуудад Үндэстний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хувьд энэ үйл явдал томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ТУЗ-ийн дарга Хутагт овогт Чулууны Ганхуяг цохон тэмдэглэхдээ, “Бидний тэсэн ядан хүлээж байсан үйл явдал болсонд бид туйлын баяртай байна. Энэ гайхалтай амжилтын төлөө бид уйгагүй хичээсэн бөгөөд энэ өдөр хамт олондоо, хувьцаа эзэмшигчдэдээ ба ТУЗ-ийхандаа чин сэтгэлээсээ баяр хүргэе. Энэхүү түүхэн үйл явдал манай Нэгдлийн төдийгүй нийт Монгол улсын санхүүгийн салбарын хувьд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид олон нийтийн эзэмшлийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компанитай болоход ганцхан алхам дутуу байна. Ард Банк – Зөв Банкийг бий болгох туйлын зорилгодоо хүрэхэд бид томоохон ахиц гаргаж чадлаа.”
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7707-8080, 77078181
И-мэйл хаяг: info@ardholdings.com