by

АРД ХОЛДИНГСЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ 2016-08-24

2016 оны 8 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурал Компанийн төв байранд болж өнгөрлөө.

Хурлаар 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гүйцэтгэх удирдлагын баг ТУЗ-д танилцуулж, 2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засгийн байдал сайнгүй байсан хэдий ч Ард Холдингсын үйл ажиллагаа өргөжин дэвжиж, шинэ бүтээлч санаа санаачлагыг эхлүүлэхийн хажуугаар хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг хадгалж ажилласныг онцлов.

Бид ТУЗ-өөс өгсөн даалгаврын дагуу энэ хугацаанд Хууль тогтоомжийн нийцэл, эрсдэл хариуцсан захирлаар С.Халиунааг (Chief Compliance and Risk Officer), Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар А.Идэрбатыг (Chief Financial and Investments Officer) томилон баг бүрэлдэхүүн, хамт олноо өргөжүүлж, бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах урагшаа тэмүүлсэн алхмуудыг хийн ажиллаж байна. Бид цаашид ч мэргэжлийн өндөр ур чадвартай залуу боловсон хүчнийг ажилд авахаар эрэлхийлэн ажиллаж байна.

Ард Холдингсын хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн хурлаар батлагдсан ТУЗ болон гүйцэтгэх удирдлага, нийт ажиллагсдад 4 жилийн хугацаанд Компанийн нийт гаргасан хувьцааны 10 хувийг хуваарилах шийдвэрийг баталгаажуулж, Хувьцаа хуваарилах журмыг баталлаа.

Тус хурлаас ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр ажлаа өгч, дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Засаглал, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хорооны санал болгосны дагуу О.Одсайханг ТУЗ-ийн түр гишүүнээр томилов.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх, гишүүдийн оролцоо, хариуцлагыг өсгөх зорилгоор хороодын бүтцийн өөрчлөлтийг хийлээ.

ТУЗ-ийн энэ хурлаас Ард Кредит болон Ард Секюритиз компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, эдгээр компаниудын үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн зах зээл дээр манлайлах байр сууринд гаргах үндсийг тавьлаа.

Бид 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Алтан Хоромсог Үнэт цаасны компанийг саяхан худалдаж авсан бол түүнийг Ард Секюритиз ҮЦК-тай нэгтгэх шийдвэрийг ТУЗ гаргав.

Өнгөрсөн хурлаас гарсан шийдвэрийн дагуу бид Ард Даатгал компани дахь хувиа нэмэгдүүлж, цаашид баримтлах чиглэлийг тодотгож өглөө.

Бидний хяналтанд байдаг Жинст Увс хувьцаат компанийг Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай хувьцаат компанитай нэгтгэх ажлыг ТУЗ-ийн хурлаас сайшааж, цаашид хэрэгжүүлэх алхмуудыг авч үзлээ.

Та бүхэн Ард Санхүүгийн Нэгдэл Хувьцаат Компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 7707-8080

Вэб сайт: www.ardholdings.com

И-мэйл хаяг: info@ardholdings.mn

Хүчтэй. Хамтдаа