by

Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Хүрэлбаатарын Билгүүн томилогдлоо 2024-08-15

web (2)

Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-08-15 - Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Хүрэлбаатар овогтой Билгүүн томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Секюритиз ҮЦК-ийн үйл ажиллагааг удирдаж ажиллахаас гадна Ард Санхүүгийн Нэгдлийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэлцлүүдийн ерөнхий зохицуулалтыг хийж ажиллах юм.

Х.Билгүүн нь тус албанд томилогдохоос өмнө Ард Кредит болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК-д Санхүү Эрхэлсэн Захирлаар ажиллаж байсан бөгөөд Ард Секюритиз ҮЦК-ийн ТУЗ-ийн Даргаар давхар ажиллаж байв. Банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан тэрээр Сангийн яаманд хэрэгждэг Дэлхийн банкны төслийн зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд Үнэт цаасны газар болон Мөнгө угаахтай тэмцэх албанд Ахлах Референт, МөнхБумууд ХХК-д Санхүү Эрхэлсэн Захирал зэрэг Төрийн болон Хувийн салбарт удирдах албан тушаалыг хашиж ажилласан туршлагатай. Энэ хугацаандаа Монгол Улсын төсвийн төлөвлөлт хийх, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, корпорацын санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зэрэг чиглэлд мэргэшсэн.

Х.Билгүүн нь Их Британийн Засгийн Газрын Чевенингийн тэтгэлгээр Гласговын Их сургуулийн Адам Смит Бизнесийн сургуульд Санхүүгийн таамаглал ба Хөрөнгө оруулалт мэргэжлээр Магистр, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр, Олон улсын эдийн засгийн онол мэргэжлээр Бакалаврын зэргийг тус тус хамгаалсан. Мөн Виржиниагийн их сургууль, Олон Улсын Валютын Сан, НҮБ, Оксфордын их сургууль, Лондонгийн Бизнесийн Их Сургууль, Империал Коллеж Лондон, Франкфуртын Санхүү Менежментийн их сургууль, Азербайжаны Хазарын Их сургууль, Хаус оф Трэйнинг, Блүүмберг зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн нийт 30 орчим богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэшсэн юм.

Томилгооны хүрээнд Х.Билгүүн: “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго бүхий Монгол Улсын тэргүүлэх үнэт цаасны компани болох Ард Секюритиз компанийн удирдлагаар ажиллах болсондоо баяртай байна. Компанийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн том тоглогч болгох, цаашлаад хөрөнгө оруулагч, харилцагчдыг дэлхийн жишигт нийцсэн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр зуучлахад өөрийн мэдлэг боловсрол, туршлагыг бүрэн ашиглаж ажиллах болно.” гэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбогдох утас: 77003322

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэбсайт: ardholdings.com