by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ТУЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2019-10-28

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, томилох асуудлаар хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалт явуулах тухай шийдвэр гарч, холбогдох зарыг олон нийтэд хүргэсэн билээ. Уг санал хураалтыг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл явуулж, саналын хуудсыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн төв оффист хүлээн авлаа.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдэд хуучин Ард Санхүүгийн Нэгдлийн 10 гишүүн нэр дэвшсэн ба шинээр Баобаб Группийн үүсгэн байгуулагч Арнауд Вентура хараат бус гишүүнээр тус тус нэр дэвшлээ.

Хараат бус Тооллогын комисс хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтыг дүгнэж Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүдээр Ч.Ганхуяг, Х.Батхишиг, А.Сүхдорж, Бруно Рашле, О.Одбаяр нарыг, хараат бус гишүүдээр П.Батбаяр, М.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Жим Андерсон, Михаил Зелдович, Арнауд Вентура нар сонгогдсоныг баталгаажууллаа.

Компанийн ТУЗ-ийн дарга П.Батбаяр хэлэхдээ, “Манай ТУЗ-ийн шинэ гишүүн Арнауд Вентура (Арно) нь Баобаб Группийн үүсгэн байгуулагчийн хувьд дижитал санхүүгийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай нэгэн. Баобаб Группийг үүсгэн байгуулж тэрээр Африк, Хятадад үйл ажиллагаа явуулдаг томоохон банкуудын нэг болгосон бөгөөд 2019 он гэхэд 1 тэрбум евротой тэнцэх зээлийн багцтай  1 сая үйлчлүүлэгчтэй болсон. Арно нь олон улсын хөгжлийн салбар, микро болон жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн талаар зөвлөгөө өгдөг тэргүүлэгч байгууллагуудын нэг болох PlaNet Finance (одоогийн Positive PlaNet)-ийг үүсгэн байгуулсан хүн юм. Тэрбээр АСН-ийн компанийн засаглалыг шат ахиулах, Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж хөрөнгө босгох, компанийг олон улсын зах зээлд гаргах үйлсэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.”

Компанийн ТУЗ-ийн шинэ гишүүн Арно хэлэхдээ - “Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн 11 дэх гишүүн болж та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж компанийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болсондоо маш их баяртай байна. ТУЗ-ийн ажилд идэвхтэй оролцож, компанийн зүгээс явуулж буй бүхий л санал санаачилгад өөрийн мэдлэг чадварыг дайчлан нэмэрлэж, засаглал, үйл ажиллагаа, ашиг өгөөжөөр тэргүүлэх компани болгохын төлөө ажиллах болно” гэж тэмдэглэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com