Ард Санхүүгийн Нэгдэл ХК- нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй, 1991 оноос тасралтгүй 25 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа анхдагч үнэт цаасны компаниудын нэг болох Алтан Хоромсог ҮЦК ХХК-ийг худалдан авч, Ард Санхүүгийн Нэгдлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Ард Секюритиз ҮЦК ХХК-тай нэгтгэхээр боллоо.
Алтан Хоромсог ҮЦК нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 33,500 харилцагчдад үнэт цаасны данс нээж, 11 сая ширхэг хувьцааг худалдах, худалдан авах, мөн 120 гаруй хувьцаат компанийн нийт 350 сая төгрөгийн ноогдол ашиг хуваарилахад зуучиллын үүрэг гүйцэтгэсэн байна. Одоогоор тус компанийн харилцагчид МХБ-д бүртгэлтэй үнэлгээ өндөр 25 хувьцаат компанийн 6,9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хувьцааг эзэмшиж байна. Мөн компани нь 2015 онд МХБ дээр 1.6 тэрбум төгрөгийн хувьцаа ба бондын арилжаанд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн нь хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг байсаар байгааг харуулж байна. Алтан Хоромсог ҮЦК нь байгуулагдсан цагаас хойш брокер, дилерийн чиглэлд үйл ажиллагаа төвлөрүүлэн ажиллаж ирсэн ба компанийн оноосон нэр, хувьцаа эзэмшигчдийн бүтцэдээ өөрчлөлт оруулж байгаагүй нь компанийг тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэнийг илтгэж байна.
Ард Секюритиз ҮЦК нь одоогийн байдлаар 12,500 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээж, дэд бүтэц, санхүү, аялал зуучлал, барилга, үйлдвэрлэл зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад нийт 81.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татахад амжилттай зуучилсан байна. Мөн 2016 оны нэгдүгээр улиралд МХБ дээр 12.5 тэрбум төгрөгийн арилжаанд зуучлалын үүрэг гүйцэтгэж нийт 58 үнэт цаасны компаниудаас арилжааны идэвхээр эхний 4 дүгээрт эрэмбэлэгдэж буй тэргүүлэгч үнэт цаасны компани юм.
Дээрх компаниуд нэгдсэнээр Ард Секюритиз ҮЦК нь нийт 46,000 орчим харилцагчидтай болох ба хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам олон хэрэглэгчдэд хүргэхэд нэгээхэн том алхам болж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нь хэлэхдээ “Бид Монголын хөрөнгийн зах зээл дээрх анхдагч үнэт цаасны компаниудын нэг Алтан Хоромсог ҮЦК-ийг худалдан авч Ард Секюритиз ҮЦК компанитай нэгтгэх гэж буй нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдлын нэг гарцаагүй мөн” хэмээгээд Алтан Хоромсог компанийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн Т.Монхор захиралд талархлаа илэрхийлээд, цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.
“Өнгөрсөн 25 жилийн турш манай компанитай хамтран ажиллаж ирсэн нийт үйлчлүүлэгч, харилцагч, хамтрагч байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд та бүгдийг Ард Секюритиз ҮЦК, Ард Санхүүгийн Нэгдэлтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна” хэмээн Алтан Хоромсог ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Т.Монхор тус арга хэмжээний үеэр үг хэлэхдээ цохон тэмдэглэлээ.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцаа арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17,38 хувийг амжилттай худалдаж авсан. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.
Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
Ерөнхий мэдээллийг: 7707-8080
Вэб сайт: www.ardholdings.com
И-мэйл хаяг: info@ardholdings.mn, tamir.b@ardholdings.com
ХҮЧТЭЙ. ХАМТДАА.