by

Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн хувьцаа эзэмшигч боллоо 2016-01-27

2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр “Монгол Шуудан” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг иргэд олон нийтэд нээлттэй санал болгож арилжин тус компанийн хувьчлалыг амжилттай явууллаа. Ард Санхүүгийн Нэгдэл Хаалттай Хувьцаат Компани тус хувьчлалд өөрийн нэрийн өмнөөс амжилттай оролцож, 95 жилийн түүхтэй Монгол Шуудангийн 17.38 хувийг худалдан авч, компанийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээснээ мэдэгдэхэд таатай байна.

Уг IPO-ноос босгосон 6.25 тэрбум төгрөгийг Монгол Шуудан компани өөрийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ үйлчилгээний нэр төрлийг бий болгон, техникийн шинэчлэлд зарцуулахаар хувьчлалын танилцуулгад зааж өгчээ.

Ард Холдингс тэргүүлсэн хөрөнгө оруулагчид Монгол Шуудангийн хувьцаа эзэмшигч болсноор тус компанийн засаглал, удирдлагын тогтолцоонд өөрчлөлт орж, үйл ажиллагааны чанар, цар хүрээ нэмэгдэх шинэ боломж нээгдэж байна. Уг хувьчлалын үр дүнд Монгол Шуудан компанид нэмэлт, тогтвортой санхүүгийн эх үүсвэр орж ирснээр зогсохгүй, шуудангийн сүлжээнд тулгуурласан шинэлэг үйлчилгээг ард иргэдэд санал болгох боломж нээгдэж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь ил тод үйл ажиллагаатай, сайн засаглалыг хэвшүүлж чадсан компани бөгөөд хувийн хэвшлийн төлөөллийн хувьд Монгол Шуудан компанийг сайн засаглалтай, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлсэн Монгол Улсын жишиг Хувьцаат компани болгоход өөрийн хувь нэмрээ оруулах болно.

Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг - “Энэ удаагийн хувьчлалын арилжаа буюу Монгол Шуудангийн IPO-нд оролцсон нийт иргэд аж ахуйн нэгжид баяр хүргэе. Хувьчлалыг амжилттай зохион байгуулсан Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Төрийн Өмчийн Хороо, Монгол Улсын Засгийн Газарт шинээр хувьцаа эзэмшигч болсон нийт 360 гаруй хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе. Хувьчлалд иргэд нь тэгш эрхтэйгээр оролцох боломжийг олгосон энэхүү шинэлэг хувьчлал нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжлийн гольдролд нь баттай оруулж, олон нийтийн итгэлийг сэргээсэн том үйл явдал боллоо. Одоо энэ амжилтаа ахиулж, Монгол Шуудангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сайн засаглалыг хэвшүүлэх, итгэлийг төгөлдөршүүлэх ажлыг бид хамтдаа хийж, олон жилийн турш ярьсан төр хувийн хэвшлийн түншлэлийг амьдрал дээр харуулах боломж бүрдлээ. Зах зээл итгэл дээр суурилдаг. Энэ итгэлийг сэргээснээрээ Монгол Шуудангийн хувьчлал олон сайн зүйлийн эхлэл нь болж, жинхэнэ утгаараа булган сүүлтэй байх болно.” – гэжээ.

Шинээр нэмэгдэн орж ирж байгаа жижиг хувьцаа эзэмшигчид удахгүй хурлаа зарлаж хуралдуулахаар ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз (Монет Капитал), Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) багтаж байна. Манай хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийн удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард

Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.  

Хөрөнгө Оруулагч Үндэстэн