Пресс Рилиз Улаанбаатар хот
2018 оны 3 сарын 30-нд хуралдсан Ард Кредит ББСБ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар 2017 оны аудитлагдсан тайланг хянаж, 2018 оны төсөв, төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд хувь нийлүүлэгчдэдээ ашгийнхаа 50 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах томоохон шийдвэр гаргалаа.
Ард Кредит 2017 онд нийт хөрөнгөө 80 хувиар өсгөж, 10 тэрбумд хүргэсэн бол цэвэр ашиг 640 сая төгрөг болж, өнгөрсөн жилээс 60 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Ард Кредит зээлийн эрхтэй (кредит) картын шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлснээс гадна бизнесийн зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулснаар хамгийн бага хүүтэй ББСБ болж чадсан юм. Мөн манай байгууллага 2017 онд богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос нэмж авснаар хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх шинэ боломж нээгдэж байна. 2017 онд ТУЗ-ийн шийдвэрийн дагуу Ард Кредит хаалттай хүрээнд бонд гаргаж 1.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Бид Грэйп Сити компанитай стратегийн түвшинд хамтран ажиллах болсон бөгөөд Поларис үндсэн банкны систем болон Ард гар утасны аппликэйшн нэвтрүүлэх гэрээг байгуулан системийн туршилтыг эхлүүлээд байна.
Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Аливаа банк санхүүгийн байгууллагын эрүүл мэндийг илтгэх зээлийн багцын чанарыг бид салбартаа хамгийн сайн түвшинд барьж ажилласаар ирсэн. Бид Монголд үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн компаниудаас анхлан кредит картаа амжилттай нэвтрүүлсэн бол дэвшилтэт технологийн хялбар шийдлийг ашиглан ойрын ирээдүйд банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчдадаа хамгийн түргэн шуурхай, бага зардалтай хүргэхээр ажиллаж байна. Үйлчилгээ авдаг санхүүгийн байгууллагынхаа хувьцаа эзэмшигч нь болох боломжийг бид нээж өгөх буюу олон нийтийн эзэмшлийн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.
Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бичил зээлийн чиглэлээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай байгууллага компанийн сайн засаглалыг бий болгон, ил тод нээлттэй байдлыг үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагыг дээдлэн, улс орныхоо санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эрч хүчтэй ББСБ юм. Бид дэвшилтэт технологи дээр тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа нэвтрүүлэн, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж, зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзлэх эрхэм зорилготой. Ард Кредит нь 2017 онд бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан бөөний зээл болон Ард Кредит картынхаа үйлчлүүлэгчдийн цар хүрээг хурдацтайгаар өсгөн ажиллалаа.
Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Кредит ББСБ-ийн 81 хувийг эзэмшиж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7707-8080, 77078181
И-мэйл хаяг: info@ardholdings.com