by

Ард Холдингс нь Жинст Увс ХК-ийн хяналтын багц болох 84,6 хувийг худалдан авлаа. 2015-03-23

Ард Санхүүгийн Нэгдэл ХХК (Ард Холдингс) нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 975.28 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах хүсэлтийг гаргаж, блок арилжааг хуульд заасан хугацаанд явууллаа. Ингэснээр, Ард Холдингс нь хөрөнгийн зах зээл дээр өөрийн хувьцааг бүртгүүлэн арилжих ажлыг эхлүүлснийг тодоор илэрхийллээ.

Ард Холдингс нь банк, санхүүгийн салбарын тэргүүний компаниудад хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын багцын удирдлагыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд МХБ дээр бүртгүүлэн хувьцаат компани болсноор хувьцааныхаа хөрвөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдад Монголын санхүүгийн зах зээлд орох үүд хаалгыг нээж өгөх, ард иргэдэд илүү мэргэжлийн төрөлжсөн багцад хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ өндөр өгөөж хүртэх боломж олгох зорилго дэвшүүлэн ажиллаж ирсэн билээ. Өнөөгийн байдлаар нийт 333 хувь хүн, аж ахуйн нэгж Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьцааг эзэмшдэг юм байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Чулууны Ганхуягийн хэлснээр өнөөдрийн үйл явдал зөвхөн банк санхүүгийн салбарын манлай компаниудын хувьцааг эзэмшиж, хөрөнгө оруулалт хийх боломж олгож байгаагаас гадна Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэгэн түүхэн үйл явдал боллоо гэж цохон тэмдэглэв.

Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) багтаж байна. Ардын хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийн удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна.

Хэвлэлийн мэдээлэл

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот