by

TRQ: “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ I-III УЛИРАЛД 1.28 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТ ХИЙСЭН 2015-11-13

2015-11-6 “Turquoise Hill Resources” компани “Оюу Толгой”-ийн III улирлын санхүүгийн тайланг танилцууллаа. Тайлант хугацаанд зэсийн ханш уналттай байсан ч борлуулалтын хэмжээгээ нэмж, улмаар орлогоо өсгөж чадсан байна. III улирлын дүнгээр тус компанийн орлого 2.5 хувиар өсч, 431.7 сая доллар, цэвэр ашиг нь 21.1 сая доллар болсон байна. Харин 2015 оны эхний 3 улиралд “Оюу Толгой” компани 1.28 тэрбум долларын үнэ бүхий 580 гаруй тонн зэсийн баяжмал борлуулж, улмаар 142 сая долларын цэвэр ашигтай ажиллажээ. Хэдий тийм боловч зэсийн ханш олон улсын зах зээлд унасантай холбоотойгоор “Оюу Толгой”-ийн ашиг сүүлийн 3 улирал дараалан уналттай гарч байна. Энэ оны эхний улиралд 96 сая долларын ашигтай байсан бол III улиралд 21 сая доллар болжээ. Тус компани ханшийн уналтай үед орлогоо хадгалахын тулд баяжмалын борлуулалтын хэмжээгээ нэмж байгаа аж. Энэ нь эргээд зардал тэр хэмжээгээр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Оюу Толгой” компани баяжмалын борлуулалтаасаа 5 хувийн роялти төлж байгаа бөгөөд 2015 он гарсаар энэхүү төлбөрт 95.8 сая доллар төлжээ. Мөн тус компанийн бэлэн мөнгөнийн нөөц 1.3 тэрбум доллар байгааг тайлангаас онцолж болохоор байгаа юм. Өнгөрсөн улиралд баяжмал дахь зэсийн агууламж 1.3 хувиар өссөн бол алтны агууламж нь 48.3 хувиар буурсан байна. “Оюу Толгой” компани энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй байна. www.bloombergtv.mn