by

Samsung шинэ бүтээгдэхүүн, шинэ түншлэлээр орлогоо өсгөнө 2018-08-14


Samsung пүрэв гарагт Note 9 ухаалаг утас, бугуйн шинэ ухаалаг цаг, шинэ спикерээ танилцуулж, хөгжмийн үйлчилгээний Spotify, компьютер тоглоом бүтээгч Fortnite-тай хамтран ажиллахаар боллоо. Шинэ Galaxy S9 загварын борлуулалт тааруухан байснаас шалтгаалан мобайл зах зээлд Samsung-ийн эзэлдэг хувь хэмжээг Apple, Huawei зэрэг өрсөлдөгч нь багасгаж дөнгөлөө. Энэ оны хоёрдугаар улирлын борлуулалтын дүнгээр, ухаалаг утасны зах зээлд Samsung-ийн эзэлдэг хувь хэмжээ 10 хувиар багассаныг IDC-гийн судлаачид өнгөрсөн сард тайлбарласан юм. Мөн хугацаанд Хятадын Huawei компанийн борлуулалт 41 хувиар өсөж Apple-ийг гүйцэж түрүүлэн, Samsung-ийн дараа хоёрдугаарт орлоо. Apple компани iPhone X утасныхаа илүү том, шинэ хувилбарыг танилцуулахаас сарын өмнө, пүрэв гарагт Samsung Нью-Йорк хотноо Unpacked арга хэмжээ зохион байгуулав. Note 9 утас нь 6.4 инчийн дэлгэц, илүү урт хугацаанд ажилладаг зай, видео бичлэг авах, презентац сонирхуулах, гэрэл зураг авах үед алсын удирдлага болгон хэрэглэх боломжтой сайжруулсан S Pen стилустэй.

Дээд түвшний хэрэглэгчдэд зориулагдсан уг загвар 1000 ам.долларын үнэтэй нь ухаалаг утсаа солих давтамж саарч буй нөхцөлд өндөр үнэ тогтоох замаар орлогоо ихэсгэх оролдлого болж байна. Unpacked-ын үеэр Samsung компани Amazon-ы Echo, Google-ийн Home, Apple-ийн HomePod-тэй өрсөлдүүлэн Galaxy Home хэмээх ухаалаг спикерийн урьдчилсан загвар сонирхууллаа. Мөн “өмсдөг” технологийн зах зээлд дахин байр сууриа эзлэхээр төлөвлөж буйгаа харуулан Galaxy Watch бугуйн ухаалаг цаг тавьсан байлаа. Дээрх дивайсуудыг Samsung-ийн виртуал дуут туслагч Bixby-гийн сайжруулсан хувилбар дэмжинэ. Bixby ажиллагааны хувьд Apple-ийн Siri, Amazon-ы Alexa, Google-ийн Assistant-ыг гүйцэхгүй. Гэхдээ “Өөрийн тань хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ чадавхтай болж чадсан” гэж Samsung-ын мобайл салбарын тэргүүн Д.Ж.Ко тайлбарлав.

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч дуу хөгжмийн стриминг үйлчилгээний салбарт хувьцааных нь үнэ бараг таван хувь өсөөд буй Spotify-тай “урт хугацааны түншлэл” тогтоосноо зарлав. Түншлэлийн хүрээнд ухаалаг утас, Bixby, телевиз, интернет холболттой хөргөгч зэрэг Samsung-ийн олон бүтээгдэхүүнд Spotify үйлчилгээг нэгтгэж өгнө. Мөн Samsung эдүгээ хүртэл зөвхөн персональ компьютер, гэйм консол, iPhone-д ажиллаж ирсэн нийтэд түгээмэл Battle Royale тоглоомын андройд хувилбарыг хэрэглэгчдэд нийлүүлэхийн тулд уг тоглоомыг бүтээгч Fortnite компанитай хамтран ажиллахаар болжээ. Battle Royale-ыг дэлхий даяар 125 сая гаруй хүн тоглож байгааг тоглоом хөгжүүлэгч Epic Games-ийн гүйцэтгэх захирал Тим Суини тайлбарлав. Note 9 наймдугаар сарын 24-нөөс худалдаанд гарна. Galaxy Watch ч мөн өдөр 330 ам.долларын үнээр зарагдаж эхэлнэ. Харин Galaxy Home-ийн худалдаанд гарах тов, үнэ хараахан тодроогүй байна.


http://www.zgm.mn