by

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН КОМПАНИ ТАТАН БУУГДЛАА 2018-06-08

Пресс РилизУлаанбаатар хот

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай ХК анх Хэвлэх үйлдвэрийн тендерт ард иргэд хөрөнгөө нийлүүлэн оролцох фэйсбүүк санаачлалаар 2016 оны 1 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 2 жил гаруйн хугацааг 900 гаруй хувьцаа эзэмшигчид ардаа орхижээ. Бид дээрх тендерт оролцох зорилгоосоо хальж иргэн үйлчлүүлж буй санхүүгийн байгууллагынхаа эзэн байж, ашгаас нь хүртэх алсын хараатай ажиллах болсон.

2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг Жинст Увс ХК-д нэгдэх замаар нээлттэй ХК болгох шийдвэр гарсан ба Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж бидний хүсэлтийг 2017 оны 12 сард зөвшөөрч хувьцааны арилжаа эхэлсэн билээ. Үүний үр дүнд холбогдох хууль журмын дагуу Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг татан буугдах болсон ба энэхүү ажил үндсэндээ бүрэн шувтарлаа.

Компанийн засаглалын шилдэг туршлага, дадлыг нэвтрүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, тууштай ажиллаж ирсэн бид хууль тогтоомжийн хэрэгжилт, нийцлийг бүрэн хангаж Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, дүрмийн хэрэгжилт, нийцлийг хангаж ажиллаж ирсэн. Дээрх ажлын хүрээнд хоёр компани нэгдсэнтэй холбогдуулж, хууль, эрх зүйн багынхан маань багагүй ажлыг нугалж, баримт бичиг боловсруулж бүрдүүлж ажиллалаа. Тухайлбал, Жинст Увс ХК-ийг Увс аймгийн Баруунтуруун сумаас Улаанбаатар хот руу шилжүүлэх, Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийн татан буулгахтай холбогдуулж Татварын байгууллагын шалгалт, хасалтын карт үйлдүүлэх, хараат бус аудитын байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулах, хоёр компанийн нэгдсэн тайланг Санхүү, Төрийн сангийн хэлтсээр баталгаажуулах, Гаалийн Ерөнхий Газрын болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын тодорхойлолт гаргуулах болон үүгээр зогсохгүй шаардлагатай олон ажлыг хийж гүйцэтгэхэд хүний нөөцийн олон цаг зарцуулж ажилласныг дурдах шаардлагатай болов уу.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниуд нь компанийн засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нягтлан бодох бүртгэлийн хууль, стандартыг мөрдөж ажиллах чин зорилго тавин ажилладаг бөгөөд бид цаашдаа ч шилдгийн шилдэг компанийн засаглалтай, ил тод, хариуцлагын тогтолцоотой компани байж, хувьцаа эзэмшигч та бүхнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах болно.

Одоогийн байдлаар Жинст Увс ХК нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-д нийт хөрөнгөө оруулсан бөгөөд нэгдлийн хөрөнгө оруулалттай 11 компанийн үйл ажиллагаа туйлын амжилттай явж байгаа дээр суурилан Монголын Хөрөнгийн Бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй Жинст Увс ХК-ийн нэгж хувьцааны үнэ анхны нэрлэсэн үнэ 1,000 төгрөгөөс 1,946 төгрөг хүртэл өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны 4 сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар түүхэн шийдвэр гарч Жинст Увс ХК Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай нэгдэхээр болсон ба холбогдох бэлтгэл ажил ид өрнөж байна. Цаашид Хөрөнгө Оруулагч Үндэстний хувьцаа эзэмшигчид Монголын Хөрөнгийн Бирж дээр чөлөөтэй хөрвөх ARD симболтой хувьцааны эзэд болж хөрөнгө оруулалттай компаниудын өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой болно.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас:7707-8080, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

 

Хүчтэй.Хамтдаа