by

ДЭЛХИЙН ЗЭХ ЗЭЭЛ 2014-08-22

Өнгөрсөн 7 хоногт санхүүгийн зах зээл савалгаа ихтэй байлаа. Тодорхой бус нөхцөл байдал болон Евробүсийн эдийн засаг дахин сулрах тухай нэгэн дохио өгсөн мэдээлэл гарсан хэдий ч эрсдэл багатай Засгийн газрын бондын болон хувьцааны ханш аажим өсөлттэй байв. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт DJIA индексс 0.7%, S&P500 индекс 1.2%, Nasdaq индекс 2.2% тус тус өссөн байна. Энэ нь Украин болон Иракийн нөхцөл байдлын талаарх хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг харуулсан үйл явдал боллоо. АНУ-ын хувьд жижиглэнгийн борлуулалт буурч, ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өссөн, хэрэглэгчийн идэвхжил буурсан зэрэг таагүй мэдээллүүд гарсан бол жижиг бизнесийн итгэлцлийн индекс өссөн, үйлдвэрлэлийн хэмжээ болон нээлттэй ажлын байрны тоо нэмэгдсэн зэрэг эерэг мэдээллүүд цацагдаж, зах зээлд эерэг сөрөг нөлөөллүүдийг авчирлаа. 2 дугаар улирлын байдлаар Евробүсийн хувьд ДНБ-ний жилийн өсөлтийн түвшин 0.2% буюу хамгийн бага өсөлтийн түвшингээр өссөн тухай мэдээлэл нь Евробүсийн хувьд ихээхэн санаа зовоосон мэдээлэл байлаа. Хятад Улсын хувьд 7 дугаар сарын байдлаар юанийн зээлийн хэмжээ 2010 оны 1 дүгээр сараас хойш хамгийн бага хэмжээндээ хүрсэн нь тус улсын эдийн засаг дахин уруудаж эхлэж байна гэсэн дохиог өглөө хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн 7 хоногийн эхээр уналттай байсан Азийн зах зээлийн индексүүд Украины хямралын талаар ОХУ болон АНУ-аас хийсэн нааштай мэдэгдлүүдтэй холбоотойгоор өссөн байна.