by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК АРД ДААТГАЛ ХХК-ИЙН 83 ХУВИЙГ ЭЗЭМШИХЭЭР БОЛЛОО 2016-06-20

Ард Даатгал ХХК-ийн 55.31 хувийн хувьцаа эзэмшигч Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) ХК нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авч, өөрийн эзэмшиж буй хувийг нэмэгдүүлэхээр боллоо. Ард Холдингсийн ТУЗ-ийн зүгээс эзэмшиж буй хувиа нэмэгдүүлэх шийдвэрийг санал нэгтэй дэмжсэнээр менежментийн баг бусад хувьцаа эзэмшигчидтэй хувьцаа худалдах, худалдан авах хэлэлцээрийг амжилттай явуулж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энэ тухай гэрээг амжилттай үзэглэлээ. Компанийн хувьцаа эзэмшигч БлюПланет ХХК болон Д.Чулуунцэцэг нар нь өөрсдийн эзэмшиж буй хувьцаанаас Ард Санхүүгийн Нэгдэлд худалдахаар тохиролцож, урьдчилсан гэрээг байгууллаа. Дээрх арилжааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос эцэслэн баталгаажуулснаар хувьцааны шилжилт хөдөлгөөн хийгдэж, албан ёсоор баталгаажих юм.

Энэхүү арилжааны эцэст Ард Санхүүгийн Нэгдэл нь Ард Даатгалын 83.03 орчим хувийг эзэмшиж, компанийн хяналтын багцыг дангаар эзэмших эрх нээгдэх юм.

"Эдийн засгийн бэрхшээлтэй энэ хүнд үед санхүүгийн зах зээл, ялангуяа даатгалын салбарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сайнгүй байгаа ч Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаанд сэргэж, уул уурхай, түүнийг дагасан бусад салбарууд хөдөлгөөнд орох нь гарцаагүй бөгөөд даатгалын салбар ч дагаад хамгийн түрүүнд өсөх боломж байгаа. Энэхүү боломжийг алдахгүйн үүднээс бидний зүгээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, зах зээлд тэргүүлэгчийн байр сууринд хүрэх зорилт тавин ажиллаж байгаа Ард Даатгалын хамт олныг бүхий л талаар дэмжин, хамтдаа хөгжих зорилгоор энэ алхмыг хийж байгаа юм" гэж Ард Холдингсийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл онцлон тэмдэглэлээ.

Ард Даатгал ХХК нь 1994 онд байгуулагдсан анхны хувийн даатгалын компанийн нэг юм. Компани нь 100 орчим ажилтантай Монгол улсын өнцөг булан бүрт өөрийн салбар сүлжээтэй, нийт 370 орчим даатгалын төлөөлөгчтэй тэргүүлэгч даатгалын үйлчилгээ үзүүлэгч юм. Ард Даатгал нь эд хөрөнгө, эрүүл мэнд, хариуцлагын эрсдлийг хамгаалах гэрээний үүргээ биелүүлэхдээ Allianz, Munich Re, Swiss Re, Hannover Re зэрэг дэлхийн томоохон давхар даатгагч болон AON, Marsh, Willis, UIB зэрэг давхар даатгалын брокеруудтай хамтран ажиллаж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцаа арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17,38 хувийг амжилттай худалдаж авсан. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 7707-8080

Вэб сайт: www.ardholdings.com

И-мэйл хаяг: info@ardholdings.mn, tamir.b@ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.