by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО 2019-05-09

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг манлайлагч Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) нь Жинст Увс ХК (MSE:JIV)-тай нэгдэхээр 5 жилийн өмнөөс ажиллаж ирсэн билээ. Санхүүгийн Зохицуулах Хороо 2019 оны 5 сарын 8-нд уг асуудлыг хэлэлцэж, тус 2 компанийн урвуу нэгдлийг зөвшөөрсөн байна. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж эхлэх юм.

Урвуу нэгдлийн хүрээнд Жинст Увс ХК нь Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийг өөртөө нэгтгэж байгаа бөгөөд 26,948,325 ширхэг энгийн хувьцааг нэмж гарган Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийн хувьцаанд хөрвүүлж, хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэх юм. Тухайлбал, Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийн 1,000 ширхэг хувьцаа эзэмшиж буй хувьцаа эзэмшигч хувьцааг хөрвүүлсний дараа Жинст Увс ХК-ийн 1,567 ширхэг хувьцааг эзэмших юм. Энэхүү нэгдэх үйл ажиллагааны үр дүнд Жинст Увс ХК нь Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийн үйл ажиллагааг цаашид залгамжлан явуулах юм.

Ард Холдингсын Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Бид анх Жинст Увс ХК-ийн хяналтын багцыг 2015 онд худалдан авч байсан бол 2017 онд Хөрөнгө Оруулагч Үндэстэн хаалттай ХК-тай амжилттай нэгтгэж байсан билээ. Ингэснээр хоёр жилийн хугацаанд Жинст Увс ХК-ийн хөрөнгө 10 сая төгрөгөөс 3.1 тэрбум төгрөг, зах зээлийн үнэлгээ нь 26.6 сая төгрөгөөс 3.9 тэрбум төгрөг, хувьцааны жилийн нийт арилжааны үнийн дүн 81 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгт хүрч, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө, хувьцааны хөрвөх чадвар зэрэг олон үзүүлэлт эрс сайжирч ирсэн. Бид энэ туршлага дээрээ үндэслэн Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай ХК-ийн хувьцааны хөрвөх чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү Хөрөнгө Оруулагч Үндэстэн уриан доор эхлүүлсэн бидний үйл хэрэг биеллээ олон Ард Санхүүгийн Нэгдэл Монгол хүн бүр эзэн болох боломжтой үндэсний санхүүгийн нэгдэл компани боллоо” гэв.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксченж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерз (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE:JIV (03262) Жинст-Увс ХК (Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com  
Вэб сайт: www.ardholdings.com