by

Ард Санхүүгийн Нэгдэлийн нийт хамт олондоо Гүйцэтгэх захирал Ганхуягаас мэндчилж байна. 2016-12-28

Сайн байцгаана уу, эрхэм журмын нөхөд өө!

Бид 2016 оныг Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх том хөдөлгөөнийг эхлүүлж, Монгол Шуудангийн хувьчлалд амжилттай оролцон урам зориг дүүрэн угтаж авсан билээ.

Өнөөдөр бид нэг бүтэн жилийн дүнгээ гаргаж сууна. Хамтдаа. Эргэцүүлээд үзвэл эдийн засгийн амаргүй орчинд гялалзсан сайхан амжилтуудыг бид гаргажээ. Заримыг нь дурдвал:

• Хөрөнгө Оруулагч Үндэстэн зөвхөн манай компанийн уриа байхаа болиод хувьцаат компани, бүр цаашилбал бидний эхлүүлсэн нийгмийн хөдөлгөөн болж өргөжлөө. Ирэх жилийн эхээр Хөрөнгө Оруулагч Үндэстэн манай компанийн анхны Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй компани болохоор ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын тоо 800-д хүрлээ.

• Монгол Шуудангийн хувьчлал олны анхаарлын төвд байж, Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдсан хамгийн үр нөлөө бүхий хувьчлал гэж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдлөө. Ард Санхүүгийн Нэгдэл хувиа нэмэгдүүлж, 30 хувьд хүргэсэн бол хувьцааны үнэ 185-аас 340 төгрөгт хүрлээ. Монгол Шуудангийн засаглалын шинэчлэл хийгдэж, шинэ удирдлага ажилдаа шамдан орсноор энэхүү компанийн хөгжлийн шинэ түүхэн хуудас эхэлсэн. Төр засгийн зүгээс үлдсэн 66 хувийг хувьчлах ажлыг эхлүүлсэн байна.

• Ард Кредит компанийн хувьд зээлийн багцаа 25 хувиар өсгөж, 400 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллан кредит картыг анх удаа нэвтрүүлсэн бол Ард Санхүүгийн Нэгдэл өөрийн эзэмших хувиа 58-аас 80 хувь болгож өсгөлөө.

• Ард Даатгал компанийн шинэ удирдлага ужгирсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, компанийг эргүүлэн ашигт ажиллагаанд хүргэсэн бол бид эзэмших хувиа өсгөж, бусад хувь нийлүүлэгчдээс хувьцааг нь худалдан авснаар 55 хувиас 85 хувь болголоо. Ард Даатгал нийт 700 сая төгрөгийн ашигтай ажиллаж, үнэлгээгээ нэмэгдүүлэв.

• Ард Секюритиз компанид бүрэн шинэчлэл хийгдэж, шинэ удирдлага, зохион байгуулалтыг дагаад үйл ажиллагаа нь жигдэрлээ. Тус компани нь анх удаагаа 200 сая төгрөгийн ашгийг дангаараа үйлдвэрлэн цаашид хөрөнгийн зах зээл дээр манлайлах байр сууринд баттай очлоо. Он дуусахын даваан дээр Ард Секюритиз Хүннү Эйр компанийн анхны бондыг гаргаж, амжилттай байршуулсан гялалзсан амжилтыг гаргалаа.

• Тэтгэврийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад анхлан нэвтрүүлэгч Монголын Тэтгэврийн Нэгдсэн Данс буюу МТНД компани тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүнээ шинээр боловсруулан санал болгож эхэлсний хажуугаар тэтгэврийн системийн шинэчлэлийг хийх ажилд ханцуй шамлан орлоо. Бид тус компанийн нэрийг Ард Лайф болгож, ребрэндингийн ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байна.

• ТэнГэр Системс компани бүтээгдэхүүний цэсээ бүрэн шинэчилж Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудыг үндсэн мэдээллийн програм хангамжаар хангах мөн дижитал маркетинг, брэнд вэб сайт хийх ажлуудыг хийн гүйцэтгэж ирлээ. Бид хадгаламж зээлийн хоршоодын хэрэглэгдэг програмыг шинэчлэн хөгжүүлж, харилцагч хоршоодод нэвтрүүлж байна.

• Ард Менежмент компани энэ жил хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан бөгөөд хөрөнгө оруулалтын сан нээх ажилдаа орсон байна.

• Бид 10 жил хамтдаа ажилласан Техник технологийн дээд сургуулийг удирдлагад нь бүрэн шилжүүлж өглөө. Манай компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ганбат, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж ирсэн Нэмэхбаатар, Сэргэлэн, Уянга нартаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Компанийн үнэлгээ нэмэгдэж 40 тэрбум, нэгж хувьцааны үнэ 2500 төгрөгт тус тус хүрсэн бол бид цаашид дижитал хувьсгалыг Монголдоо эхлүүлэх санаачлагын манлайд давхиж, компанийн трансформацийг хийхээр зорьж байна. Бид том өөрчлөлтийн өмнө ирлээ. Та бүхний оролцоо, итгэл, зүтгэл ихэд хэрэг болно. Бидний 2017 оны ажил Хил хязгааргүй банкирууд гэсэн үндсэн уриа, сэдвийн хүрээнд явах болно.

Шинэ жилийн баярын мэндийг та бүхэндээ хүргэж, мэхийн ёслон хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн

Хутагт овогтой Чулууны Ганхуяг  

Хүчтэй. Хамтдаа.