by

Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас 2019-09-24

Таны энэ өдрийн мэндийг эрье!

АрдКойны талаар хэдэн зүйл та бүгддээ танилцуулъя.

Гэхдээ эхэнд нь үүх түүхээс зарим нэг зүйлийг нуршихгүй бол болохгүй нь.

Ард Санхүүгийн Нэгдэл нь нийт Монголчуудад банк санхүүгийн байгууллагын зөвхөн үйлчлүүлэгч нь бус харин ашиг өгөөжийг нь хүртдэг эзэн болох боломжийг бий болгох зорилго тавин ажиллаж ирсэн. Нэг нь үйлчлүүлээд нөгөөх нь үйлчлээд байдаг тогтолцоог түйвээх (disrupt) үндсэн санаатай. Банкны салбарт салхи оруулан хэдхэн хүний, хэдхэн айлын өмч байж ирсэн тогтолцоог өөрчилж, олон нийтийн өмчийн, ард иргэддээ хүртээмжтэй банктай болъё гэсэн энгийн санаа.

Чингээд, 2015 оноос бид Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэх нэрийн дор хөдөлгөөн өрнүүлж, хөрөнгийн зах зээлийг ард иргэддээ ойртуулах талаар өнгөрсөн хугацаанд нэлээд хүчин чармайлт гаргаж, тодорхой ахиц дэвшил гаргасан гэж үзэж байна. Монгол Шуудангийн хувьчлалд оройлон оролцсоноор төрийн өмчийн хувьчлалыг ард иргэддээ ил тод нээлттэй, хамгийн гол нь хүртээлтэй явуулж болдгийг тод томруунаар харуулан, хувьчлалын үйл явцад эргэлтийг авчирсан.

Бид өнгөрсөн хугацаанд Ард Даатгал, Ард Кредитын IPO-г амжилттай явуулж, краудфандинг буюу олон түмний санхүүжилтийг Монголд анхлан хэрэгжүүлж, урвуу нэгдэл гэгчийг хоёр ч удаа хийснээр Ард Санхүүгийн Нэгдэл өөрөө олон нийтийн статустай болсон. Энэ бүхний үр дүнд Ард Холдингсын бүрэлдэхүүнд 4 нээлттэй компани өдгөө үйл ажиллагаа явуулж байна. Бид нийтдээ 10 орчим мянган хувьцаа эзэмшигчдийн оролцоотой үндэсний томоохон нэгдэл компани болжээ.

Нөгөө талдаа бид шинэ үеийн технологийн ололт дэвшлийг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хөгжил дэвшилтэй хөл нийцүүлэн алхах ёстой гэж үзэн финтек хэлбэрийг сонгосон юм. Монголчууд бид 21 дүгээр зууны эхний хагаст өрнөж буй аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үр шимийг зөвхөн хүртэгч бус, зүгээр оролцогч нь ч байгаад зогсохгүй манлайлж, мөс хагалж ажиллая гэдэг итгэл үнэмшил байсан учир энэ сонголтыг хийв.

2016 оны намраас блокчэйн, хиймэл оюун ухаан, криптовалютын талаар судлаж эхэлсэн бөгөөд олон түмнийг гэгээрүүлэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг ажил ундарсан юм. Ингэснээр 2017 оны өвөл КриптоҮндэстэн чуулганыг зохион байгуулж, тэр нэрэн доороо анхны хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн түүхтэй. Энэ бүх ажлын бодит үр дүн харин 2019 онд л гарч эхэллээ. Тэр нь юу байв?

АрдКойныг АрдАппаас салгаж харахад бэрх. Ард Аппыг бид Монголын тэргүүлэгч банкны үндсэн системийн хангагч ГрэйпСитигийн чадварлаг хамт олонтой хамтран туурвисан юм. Энэ Апп нь банк санхүүгийн бүхий л үйлчилгээг нэгэн дороос хурууны үзүүрээр товших төдий байдлаар авах боломжийг анхлан хүргэсэн шийдэл яах аргагүй мөн. Мөнгө, зээл, хувьцаа, хуримтлал, бонд, IPO, валютын арилжаа, бүр цахим дэлгүүр ч энд бий. Та Аппаа татан авч суулгаад л манай хиймэл оюунтай холбогдож, бүртгэлээ хийнэ. Ард Аппыг та AppStore болон PlayStore-оос татан авч хэрэглэх боломжтой.

Харин цаадах санхүүгийн дэд бүтэц нь зөвхөн Ард Санхүүгийн Нэгдлээр хязгаарлагдахгүй Мост Мони гэх Монголын анхдагч төлбөрийн платформтой холбоотой ажилладаг.

Бидний өмнөх туршлагаас харахад Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжиж, ололт амжилтаа хуваалцаж ажилласан түүх банкны салбарт туйлын ховор. Гэхдээ бид Банкныхаа Холбоон дээр хамтарснаар хамгийн хүчирхэг мэргэжлийн холбоо болж чадсан. Монголбанктай хамтраад орон сууцны санхүүжилтийн гажуудлыг гаргахаар Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан нь гайхамшигтай үр дүнг авчирч байсан. Тэгвэл бид яагаад зөвхөн өөртөө зориулсан систем боловсруулж, цаг мөнгөө үрэх ёстой юм? Яагаад хамтарч болдоггүй юм? Яагаад нэгдэж чаддаггүй юм? Бид чинь эвтэй байхдаа хүчтэй гээд байдаг биш билүү? Тийм ч учраас бид хий хоосон амбиц гаргахаас аль болох зайлсхийж, чадаж байгаа, болж байгаа нэгэнтэй нэгдээд хамтдаа хөгжвөл цаг, мөнгөө хэмнэж, амжилтанд хүрэх зам маань дөт байна гэдэг үндсэн философитой явж ирсэн.

АрдКойн нь Эфереум гэх ухаалаг гэрээ бөгөөд ERC20 гэх протокол дээр бичигдсэн. Үүнийг харин Дата Сайенс компанийнхан бидэнд хийж өгсөн. Тэд trade.mn гэх Монголын анхны крипто биржийг санаачлан ажиллуулж байгаад биднийг урьж, хөрөнгө оруулалт хийх санал тавин хамтарч ажиллаж эхэлсэн түүхтэй. Ард Санхүүгийн Нэгдэл тэдний хараат АйТүүлс компанийн дата серверын үйлчилгээг ч авч ажилладаг. Эвтэй байх нь Эвгүй байгаа биз?

АрдКойноор зэвсэглэсэн Ард Апп нь 2019 оны эхний гурван улирлын байдлаар нийт 200 орчим мянган хэрэглэгчтэй болжээ. АрдКойн 4 сард trade.mn дээр арилжаалагдаж эхэлсэн бол 9 сард олон улсад гарах эхний алхмаа хийж, Австралид бүртгэлтэй btcexa.com бирж дээр арилжаалагдаж эхлэв. Энэ ондоо дахин 2 бирж дээр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

АрдКойн гэх smart contract-ыг та эндээс харж болно: https://etherscan.io/token/0xb8e2e2101ed11e9138803cd3e06e16dd19910647. Бүх юм нь ил тод, нээлттэй, тодорхой байх сайхан байгаа биз?

Нийт 5.2 тэрбум АрдКойн анх нийтлэгдсэн бөгөөд түүнийг Ард Бит хариуцан ажилладаг болно. Ард Бит ARDX1.2 тэрбумыг эзэмшиж байгаа бол үлдсэн 4 нь олон түмний гар дээр очжээ. Харин АрдКойны цаадах баталгаа нь юу юм бэ гэж та асуух байх. Тэгвэл Ард Битын нөөцөнд өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдлийн 15.7 хувь, Ард Даатгалын 1.6 хувь, Ард Кредитын 1.3 хувь, Монгол Шуудангийн 0.05 хувь, КриптоҮндэстний 3.8 хувь зэрэг хөрөнгүүд оржээ. Энэ нөөцийг бий болгосноор бид Койн эзэмшигч таны санхүүгийн эрсдлийг бууруулах зорилготой - энэ нөөцийн жинхэнэ эзэд нь АрдКойн эзэмшигч та юм.

АрдКойны эзэн та одоо яавал зүгээр вэ гэж надаас асууж магад. Миний хэлэх зүйл туйлын энгийн – АрдКойноо аваад, сайн хадгал. Ард Санхүүгийн Нэгдлийн компаниудаар үйлчлүүл – ашгийг нь та хүртэнэ. Өөр танихгүй нэгэн биш. Манай нийгмийн сүлжээнд байгаа мэдээллийг цааш нь сайн түгээ – олон хүн үйлчлүүлж, койнтой болох тусам эрэлт нь нэмэгдэж, үнэ цэнэ нь өснө. Олон улсад найз нөхөдтэй бол тэдэндээ энэ мэдээллийг учирлан тайлбарла – гадныхан АрдКойныг сонирхсоноор Монгол руу хөрөнгө оруулалт урсана. Таны халаас руу Биткойн, уламжлалт хатуу валют, төгрөг орвол Монголд л орж ирж байна гэж ойлгож байгаа. Ингэснээр Монголчууд бид 4 дүгээр аж үйлдвэрийн хувьсгалын Блокчэйн хувьсгалын үр шимийг бүрэн утгаараа хүртэх боломж харагдаж байгаа биз? Ямар вэ?

Монголчууд Эвтэй байхдаа Эвгүй гэдгийг бүгдээрээ цаадуулдаа нэг мэдрүүлээд авах уу?

Манай https://ardcoin.com/mn сайтнаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж аваарай.

Анхааралтай уншиж танилцсанд баярлалаа! АМЖИЛТ!