by

АРД ДААТГАЛЫН ХУВЬЦАА АРД ТҮМНИЙ ГАРТ ОЧНО 2018-08-29

Пресс РилизУлаанбаатар хот

Монголын ууган даатгалын компанийн нэг Ард Даатгал ХХК нь 2018 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, анхдагч зах зээл дээр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгохоор (IPO хийх) шийдвэрлэсэн. Тус компанийн 95 хувийг эзэмшдэг, 3000 гаруй үндэсний хөрөнгө оруулагчтай Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчид мөн 4 дүгээр сарын 28-ны ээлжит хурлаараа тус шийдвэрийг санал нэгтэйгээр хүлээн авч, Ард чатботоор дамжуулан урьдчилсан байдлаар сонирхлуудаа илэрхийлсэн нь бидний зах зээлийн эерэг таамгийг баталгаажуулсан билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн шууд, Жинст Увс (хуучнаар Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК-ийн шууд бус хөрөнгө оруулалттай Ард Даатгал компани нь Монголын Хөрөнгийн Биржээс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө хүлээн авсан бөгөөд эцсийн шийдвэрийг Санхүүгийн Зохицуулах Хороо өнөөдөр гаргалаа. Бидний IPO хийх ажил бодит биеллээ олж, ард иргэд үйлчлүүлдэг санхүүгийн байгууллагынхаа хувийг эзэмшиж, ашиг шимээс нь хүртэх бидний туйлын зорилго нэг алхам урагшилж байгааг харилцагч, үйлчлүүлэгч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Ард Даатгал компанийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах энэ талаар “Юуны өмнө бидний хүсэлтийг шалган, нийт хувьцаа эзэмшигчдийн хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж, манай цаашдын зорилгыг дэмжсэн Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын холбогдох ажилтнуудад Ард Даатгал компанийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монголын хөрөнгийн зах зээлд анхны нээлттэй хувьцаат даатгалын компани бий болж байгаа нь онцлог бөгөөд хурдацтай өсч, иргэдийн сонирхлыг улам бүр татаж буй хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Өнөөдрийн (2018-8-29) Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлын шийдвэрээр Ард Даатгал ХХК нь 7,500,000 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан анхдагч зах зээл дээр санал болгох бөгөөд нэгж хувьцааны захиалгын үнэ 700 төгрөг байх болно. Ийнхүү Ард Даатгал нь компанийнхаа 30 хувийг ард иргэдэд эзэмшүүлснээр 5,250,000,000 төгрөгийг (таван тэрбум хоёр зуун тавин сая төгрөг) татан төвлөрүүлж, дүрмийн сан болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулна. Хувьцааны захиалгыг авах хугацаа, журмыг бид даруй мэдэгдэх болно.

Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа