Ard Holdings
by

Шуурхай мэдээ 2016-12-28

Улаанбаатар хот: Ард Секюритиз ҮЦК нь Хүннү Эйр компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан 600 мянган долларын нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, 15 хувийн купонтой “Хүннү” бондын андеррайтераар ажиллан 2016 оны 12 сарын 27-нд санхүүжилтийг амжилттай босгож өгөв. Хүннү Эйр нь энэхүү бондын эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх бөгөөд АТР-72 онгоцыг түрээслэн оруулж ирж байгаа юм.

Хүннү Эйрт гаргасан анхны бондын хөрөнгө оруулагчдаар аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс нэгдэн оролцсон байна.

Хүннү Эйрийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал: “2016 онд Хүннү Эйр компани амжилттай ажиллаж, ирээдүйгээ ч мөн гэрэлтэйгээр харж байна.  Энэ оны төгсгөлд Хүннү Эйр нь Ард Санхүүгийн Нэгдлийн тусламжтайгаар хаалттай хүрээнд амжилттайгаар бонд гаргалаа. Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон шаргуу ажилладаг хурдтай, эрч хүчтэй залуус байна. 2015 онд бид мөн Ард Санхүүгийн Нэгдлийн тусламжтайгаар Эйрбас-319 онгоцтой холбоотой түрээсийн төлбөрийг амжилттайгаар төлж дуусгаж байсан. Ард Санхүүгийн Нэгдэл болон Хүннү Эйр компанийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад бид баяртай байгаа. Цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн ажиллаж та бүгдийн итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэж хэлэв.

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компани буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.

Ард Секюритиз ҮЦК нь 1997 онд анх хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн тусгай зөвшөөрлүүдийг авч санхүүгийн зуучлалын цогц үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэг юм. Өмнө нь Батс Инвест, Монет, Монет Капитал нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

Хүннү Эйр ХХК нь дотоодын болон олон улсын нислэгийг хамтад нь үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компани юм. Хүннү Эйр нь нислэг үйлдвэрлэлдээ Фоккер-50 маркийн 2 онгоц, АТР-72 маркийн 1 онгоцоор дотоодын 7 аймгийн 10 чиглэлд, гадаадын хуваарьт болон захиалгат 2 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр,
Ерөнхий сайд Амарын гудамж,
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Улаанбаатар хот, Монгол Улс
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Утас: 7707-8080
Вэбсайт: www.ardholdings.com
И-мэйл: info@ardholdings.com