Ard Holdings
by

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК БОЛОХОД НЭГ АЛХМААР ОЙРТЛОО 2018-07-26

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Секюритиз ҮЦК нь андеррайтерийн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын нийт 3 тэрбум төгрөгийн бондыг хаалттай хүрээнд гаргаж, амжилттай борлууллаа. Тус бонд нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 3-6 сарын хугацаатай, жилийн 16-16.5 хувийн купоны өгөөжтэй, хугацааны эцэст үндсэн төлбөр болон купоноо төлөх нөхцөлтэй юм.

Энэ оны IV сард хоёр компани гэрээгээ үзэглэн хоёр 7 хоногийн дотор эхний 2 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтыг босгосон бол 3 сарын хугацаатай бондын хугацаа 7 сард дуусч, бонд гаргагч нь үндсэн болон купоны төлөлтөө цагт нь амжилттай хийлээ. Үүнтэй зэрэгцүүлээд бид 1 тэрбум төгрөгийн шинэ бондыг хаалттай хүрээнд дахин гарган борлуулав.

Бонд нь санхүүжилт авч байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой этгээдийг банкны зуучлалгүйгээр шууд холбож, бонд худалдан авагчид өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх, бонд гаргагчид өртөг багатай санхүүжилт татах боломжийг олгодгоороо онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Золзаяа - “Бонд гаргагч компани нь өөрийн бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан хүү төлөх хугацаагаа сар бүр, улирал бүр эсвэл бондын хугацаа дуусах үед төлөх нөхцлийг тавьж болдог. Нөхцлөө ингэж уян хатан тогтоосноор бондоор татсан хөрөнгөө бизнестээ бүрэн зарцуулах боломжийг олж авдаг. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчид буюу бондын худалдан авагчдад банкны хүүнээс өндөр өгөөжтэй, эргэн төлбөрийн уян хатан нөхцөлтэй бондыг авснаар мөнгөн урсгалаа хамгийн оптимал байдлаар зохицуулж, өгөөжөө өсгөх боломжтой байдаг. Бондын энэхүү давуу талыг бид харилцагчиддаа ойлгуулахыг чухалчилдаг ба тэргүүний хөрөнгө оруулалтын банк болох зорилгодоо дөхөн ажилласаар байна.” хэмээн онцлов.

Нэткапитал нь 2008 онд үүсгэн байгуулагдахдаа зээл, валют арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг иргэдэд санал болгож бизнесээ эхлүүлж байсан бол өнөөдөр иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор итгэлцэл, бонд, мобайл зээл, лизинг, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээг харилцагчиддаа санал болгон жижиг бизнес эрхлэгчид, иргэдэд санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, уян хатан, шинэлэг хэлбэрээр хүргэхийг зорьж ажиллаж байна.

Бонд гаргагч Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь Нэткапитал Санхүүгийн Групп нэгдлийн гишүүн компани бөгөөд тус нэгдэл нь Нэткапитал авто ХХК, Нэткапитал Мобайл ХХК, үл хөдлөх хөрөнгийн менежментийн Нэткапитал Девелопер ХХК, лизингийн Нэткапитал Лизинг ХХК, ГрэйпСити Технологи Групп ХХК компаниудыг өөртөө багтаадаг билээ.

Энэ бондны андеррайтераар ажилласан Ард Секюритиз нь Ард Холдингсийн охин компани бөгөөд 1997 оноос хойш брокер, дилер, андеррайтер, санхүүгийн зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа ба хөрөнгийн зах зээлийн идэвхитэй оролцогч байгууллагын нэг юм.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас:7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


Хүчтэй.Хамтдаа