Ard Holdings
by

ХУВЬЦААГАА БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВАХ УУ? 2018-04-28

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Кредит ББСБ нь дэвшилтэт технологид тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа хүрээг тэлж, зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх эрхэм зорилготой ажилладаг билээ. Энэ удаад бид Монголын банк бус санхүүгийн зах зээлд анхлан “Хувьцаа барьцаалсан зээл”-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж буй өнөө үед хувьцаа эзэмшигчид цаашид өгөөжийг нь хүлээж байгаа, борлуулах сонирхолгүй үнэт цаасaa барьцаалан зээл авах нь бүх талаараа ашигтай шийдэл юм. Хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж тооцдог тул богино хугацааны бэлэн мөнгөний хэрэгцээгээ шийдэх шаардлага гарах нь гарцаагүй. Тийм учраас хөгжилтэй орнуудын нэгэн адил Монгол Улс үнэт цаасыг барьцаа хөрөнгө гэж тооцдог болсон нь ийнхүү шинэ бүтээгдэхүүн мэндлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

“Хувьцаа барьцаалсан зээл”-ийн хугацаа 3-12 сар байх бөгөөд Монголын хөрөнгийн биржид идэвхтэй арилжаалагдаж байгаа ТОП 20 компанийн тоонд орох А самбарын компаниудын болон Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн (Жинст Увс) компанийн хувьцааг барьцаалан зээл авах боломжтой.

Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг энэ талаар “Зах зээл дээр цоо шинэ бүтээгдэхүүн гаргах нь өөрөө сэтгэл хөдлөм үйл явдал. Түүнчлэн, банк санхүү хөрөнгийн зах зээлийг холбосон үйлчилгээ нэвтэрч байгаа нь энэ хоёр салбар хэрхэн хоршин хөгжих боломжтойг харуулж байна. Нөгөө талдаа байнгын ханшийн хөдөлгөөнтэй байдаг үнэт цаасыг барьцаалан зээл олгож байгаа нь бидний хувьд том эрсдлийг үүрч байгаа хэрэг. Гэхдээ том эрсдэл үргэлж том боломжийг дагуулж байдаг гэдэгтэй манай баг санал нийлдэг” хэмээсэн юм.

Ард Кредит нь 2017 онд зээлийн эрхтэй картыг зах зээлд нэвтрүүлснээс гадна бизнесийн зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулснаар хамгийн бага хүүтэй ББСБ болж чадсан юм. Тус компани үүсгэн байгуулагдсанаасаа хойш бичил зээлийн чиглэлээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд компанийн сайн засаглалыг бий болгон, ил тод нээлттэй байдлыг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагыг дээдлэн, улс орныхоо санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна. Бид 2017 онд бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан бөөний зээл болон Ард Кредит картынхаа үйлчлүүлэгчдийн цар хүрээг хурдацтайгаар өсгөн ажилласан билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, ГөүПей, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 77073322, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com