by

СЯ: ДАРХАНЫ ДЦС-ЫН ШИНЭЧЛЭЛД 11 САЯ ЕВРОГИЙН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ШААРДЛАГАТАЙ 2017-05-30

2017-05-25
“Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах юм. “Эрчим хүчний үр ашиг-1” төслийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” компанид турбины шинэчлэл хийх төслийг 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая, Засгийн газрын 2.85 сая, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ онд төслийг хэрэгжүүлж дуусах бөгөөд одоогоор 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Төсөл хэрэгжих Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг анх тооцоолохдоо нийт төсөвт өртгийг бодит байдлаас хэтэрхий багаар тооцож гэрээ байгуулсан аж. Гүйцэтгэгч компанийн буруугаас болж хэрэгжилт 2.5 жилээр удаашралтай, гэрээ байгуулснаас хойш эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалын үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлт зэргээс үүдэн нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Нэмэлт хөрөнгөөр тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, шинээр эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламжийг өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмж худалдан авах юм. Дарханы Дулааны цахилгаан станц 52 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолууд нь ашиглах ёстой нөөцөө 2.5 дахин хэтрүүлэн ажиллаж байна. Цаашид энэ хэвээр байвал станц доголдож, эрчим хүчний найдвартай байдал алдагдан, эдийн засагт их хэмжээний хүндрэл учруулах эрсдэл үүсээд байгаа ажээ. Нэмэлт санхүүжилт гарган төслийг хэрэгжүүлж дуусвал цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээг ирэх 20 жил тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэх юм байна. Төсөл 12 жилийн дараа зардлаа нөхнө гэсэн тооцоог Сангийн яам хийжээ.
www.bloombergtv.mn