by

Мэдэгдэл 2018-06-14

МэдэгдэлУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2016 оноос эхлэн блокчэйн дээр суурилсан технологи болон крипто валютын талаар тодорхой бодлого баримталж ирсэн бөгөөд Монгол Улсад ач тусаа өгөх, хөгжлийн хөшүүрэг болох шинэ үзэгдэл гэж тодорхойлон олон түмний дунд зөв ойлголтыг түгээх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ суваг болон бүтээгдэхүүн боловсруулах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж ирсэн.

“AIE exchange” гэж өөрсдийгөө танилцуулсан компанийн хэсэг бүлэг Япон иргэд блокчэйн технологийн талаар сонирхолтой санал байна, уулзья гэж хүнээр дамжуулан хүсэлт тавьсны дагуу Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирал хүлээн авч уулзсан билээ.

Уулзалтад хүрэлцэн ирэхдээ урьдчилан мэдэгдэлгүй бичлэг, зураг авалт хийж эхэлсэн ба бидний зүгээс компаниа танилцуулан харилцан ярилцсан билээ. Бид уг уулзалтын үеэр ямар нэгэн байдлаар хамтран ажиллах сэдвийг хөндөөгүй болно.

Гэтэл уулзалтын дүрс бичлэг болон фото зургийг ашиглан “Бид Монгол Улсын Ард Санхүүгийн Нэгдэл ХК-тай хамтран ажиллахаар болсон” хэмээн мэдэгдэл гаргаж, бидний итгэлийг эвдэн, хөрөнгө босгох, залилан мэхлэх ажиллагаа явуулж болзошгүй байгааг бид олж мэдлээ. Дараах холбоосыг үзнэ үү: http://ea-y.info/wp/ujko2/?

Дээрх компани өөрийн вэб хуудаснаа “Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягтай жилийн өмнө танилцсан, өнгөрсөн хугацаанд олон удаа уулзаж байсан, тэрээр манай төслийг бүрэн дэмжиж байгаа, бид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан” гэх мэт илт худал мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлж байна. Уг хөрөнгө босгох үйлдэл нь залилангийн үйлдэл байж болзошгүй ба тус ажиллагаандаа тэд нэр бүхий хүмүүстэй авахуулсан фото зураг ашиглаж, тэдний нэр хүндэд халдаад байна.

Иймд нийт иргэдийг сонор сэрэмжтэй байж, мэдээллийн эх үүсвэрийг сайтар шалган, тухайн байгууллага нь төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, үйл ажиллагаа нь хууль ёсны эсэх болон дээрх байгууллагын цаашдын зорилго, зорилт нь хуульд нийцэж буй эсэхийг сайтар шалгахыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК зөвлөж, анхааруулж байна.

Цаашилбал, бид манай компанийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласан, илт худал мэдээлэл тараасан тус компанийн асуудлыг нягтлан шалгаж, таслан зогсоох талаар бидэнд хуулийн туслалцаа үзүүлэхийг Монгол Улс дахь Япон Улсын Элчин Сайдын Яамнаас хүсэж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Олон нийттэй харилцах хэлтэс