Ard Holdings
by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ЭТҮГЭН ИРВЭСҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО 2017-03-31

Пресс рилиз Улаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард Холдингс) нь нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлан, спортыг дэмжсээр ирсэн билээ. Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг багийн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Хасын хүлэгүүд” хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн багийг үүсгэн байгуулж, өсвөрийн заалны хөлбөмбөгийн “Дуулиан 2020” тэмцээнийг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллаж байсан нь үүний нэг жишээ юм. Үр дүнд нь “Хасын хүлэгүүд” баг Үндэсний сагсан бөмбөгийн лигт дөрвөн удаа түрүүлсэн.

Үүнээс гадна манай компанийн ажилтан, Монголын паралимпийн тамирчин Э.Содномпилжээ, Б.Ганболд нар дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож, компани, хувьцаа эзэмшигчдээ баярлуулсаар байна. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, парапауэрлифтингийн тамирчин, МУГТ Э.Содномпилжээ саяхан АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс алтан медальтай ирсэн. ОУХМ, парацаначин Б.Ганболд Япон, Солонгос улсад болсон урьдчилсан шатны тэмцээнүүдэд оролцож, “Токио 2020” Паралимпод хүч үзэх эрх аваад байна.

Бид Монгол улсын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулах зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбооны Ниссан Дээд Лигийн тэргүүн багуудын нэг “Этүгэн Ирвэсүүд” сагсан бөмбөгийн клубтэй хамтран ажиллах болсноо мэдэгдэхэд таатай байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан, Ард Холдингсын гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, "Этүгэн Ирвэсүүд” сагсан бөмбөгийн клубын гүйцэтгэх захирал О.Баярцогт нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

"Этүгэн Ирвэсүүд” клуб 2013 оноос сагсан бөмбөгийн сургалт, бэлтгэлээ эхэлж байсан түүхтэй. Тэд өсвөрийн “U-15” тэмцээнээс гараагаа эхэлж шат ахисаар өнөөдөр дээд түвшний мэргэжлийн лигт хөл тавиад байгаа юм. Лигийн тоглолтонд дараалан таван удаа ялалт байгуулаад байгаа “Этүгэн Ирвэсүүд” улирлын ээлжит тоглолтоо өнөөдөр хийнэ. Удахгүй эхлэх плэйоффын шатанд манай баг тэнцсэн бөгөөд аваргын титмийн төлөө хүч үзэхээр зэхэж байна. Энэ зорилгодоо хүрэхэд нь бидний дэмжлэг тэдэнд туслана гэдэгт Ардын нийт хамт олон, хувьцаа эзэмшигчид итгэлтэй байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. 2016 оны эхээр бид “Монгол шуудан” компанийн хувьцааны арилжаанд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар тус компанийн 31 хувийг эзэмшиж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар

w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Утас: 7707-8080

И-мэйл хаяг: www.ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.