by

Ард Кредит Поларис үндсэн банкны системийг бүрэн нэвтрүүллээ 2018-04-17

Пресс Рилиз Улаанбаатар хот

Ард Кредит ББСБ нь банкны үндсэн систем болох ГрэйпСити Монгол компанийн Поларис Смарт програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж дууслаа. Ингэснээр тус компани өөрийн үйл ажиллагааг хурдацтай өргөжүүлэх, эрсдлээ зөв зохистой удирдах, удирдлагын тайлан мэдээг бүх түвшинд цаг тутамд гаргах боломжтой болж байгаа юм.


“Банкны шинэ үндсэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь банкны үйлчилгээг илүү хүртээмжтэй байдлаар нийтэд хүргэх олон боломжийг нээж өгнө. Бид цаашдаа олон түмний эзэмшлийн банк болох зорилгодоо дахин нэг алхам дөхөн очлоо” гэж Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг онцлов.


Тэгвэл ГрэйпСити ХХК-ийн ерөнхий захирал А.Сүхдорж “ГрэйпСити нь орчин үеийн мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шилдэг шийдлүүд дээр зохион бүтээгдсэн Монгол Улсын банк-санхүүгийн салбарын бүхэл бүтэн дэд бүтэц бүтээх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн нэгж нь банкны суурь бүртгэлийн Поларис систем юм. Ард Кредит энэхүү системийг ашиглах болж байгаагаараа өөр хоорондоо нэвт сүлбэлдсэн цогц хэлхээнд органикаар залгагдан орж ирж байгаа юм. Поларис бол эхлэл, бидэнд цаашид хамтдаа хийх зүйл их бий” гэжээ.


Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал технологийн захирал Г.Тэнүүн “Хөтөлбөрийн эхний үе шатны хэрэгжилтийг төлөвлөх, удирдахад чухал үүрэг гүйцэтгэсэн стратегийн түнш ГрэйпСитигийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол мэдээллийн технологийн шийдэл дэлхийн түвшинд өрсөлдөх боломжтой болсныг энэ систем тод харуулж чаддаг” гэв.


Ард Кредит нь дэвшилтэт технологи дээр тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа нэвтрүүлэн хүртээмжийг нэмэгдүүлж, зах зээл дээр тэргүүлэх байр сууринд гарах эрхэм зорилготой ажилладаг. Бид 2017 онд нийт хөрөнгөө 80 хувиар өсгөж, 10 тэрбумд хүргэсэн бол цэвэр ашиг 650 сая төгрөг болж хувь нийлүүлэгчиддээ ашгийнхаа 50 хувийг ногдол ашгаар хуваарилах шийдвэрийг гаргалаа. Мөн түүнчлэн бид бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан бөөний зээлийн цар хүрээг өсгөн Ард Картаа хурдацтайгаар нэвтрүүлж ажиллалаа.


Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсийн бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Кредит ББСБ-ийн 81 хувийг эзэмшиж байна.


ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм.


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.


Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 7707-3322, 77078181

И-мэйл хаяг: info@ardcredit.com