Ard Holdings
by

Ард Даатгал ХХК – Хэвлэлийн мэдээ 2014-10-06

Монгол Улсын даатгалын салбарт ажиллаж байгаа ууган компаниудын нэг Ард Даатгал ХХК үүсэн байгуулагдсаны 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

Ард Даатгал ХХК нь 1994 онд Монголын анхны хувийн өмчийн даатгалын компани болж үүсэн байгуулагдсан бөгөөд 2004 онд хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор Ард Даатгал нь гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болж, Европын тэр тусмаа даатгалын зах зээл анхлан хөгжсөн Английн даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын know-how, бүтээлч чанарыг улс орныхоо даатгалын зах зээлд авчирсан юм.

Мөн 2011 оны 1 дүгээр улиралд Ард Даатгал болон Гранд Даатгалын хувь нийлүүлэгчид тус компаниудыг нэгтгэх шийдвэрийг гаргаснаар Монголын даатгалын зах зээл дээр бий болсон даатгалын компаниудын анхны нэгдэл болж, өрсөлдөөны зөв орчин бүрдүүлэх олон зөв хандлага, жишгийг зах зээлд бий болгосон билээ.

Ард Даатгал Компани нь 2011, 2012, 2013 онуудын жилийн эцсийн нийт хураамжийн орлогоороо Монголын даатгалын зах зээл дээр жил дараалан эхний 3-т орж, нийт хураамжийн орлогыг нөхөн төлбөр болон давхар даатгалтай харьцуулсан дүнгээр, өөрөөр хэлбэл даатгалын үйлчилгээнээс харилцагч, даатгуулагчдадаа өгсөн бодит өгөөжийн үр дүнгээр салбартаа тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна.

Өнгөрсөн оны сүүлээр буюу 2013 оны жилийн эцсээр манай компанийн томоохон хувьцаа эзэмшигч Ард Даатгал Компани дах өөрийн эзэмшил хувьцааг солилцох гэрээг байгуулсан бөгөөд ингэснээр Ард Даатгал ХХК-ийн хөрөнгө оруулагчаар Ард Санхүүгийн Нэгдэл ХХК орж ирсэн юм.

Ард Даатгал Компани нь компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, санхүүгийн олон улсын тайлагналын зарчмын хэрэгжилтийг хангах, ил тод, нээлттэй байдлыг Компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, улс орныхоо санхүүгийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, хүчирхэг санхүүгийн байгууллага байхын төлөө улам бүр хичээн ажиллах болно гэж компанийн Гүйцэтгэх захирал Д.Чулуунцэцэг хэлэв.

Ард Санхүүгийн Нэгдэл нь банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монголчууддаа санхүүгийн салбарт хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлд оролцох боломж олгон ажиллаж буй санхүүгийн холдинг компани юм. Ард Холдингсын хөрөнгө оруулалтын багцад Ард Даатгал, Ард Кредит, Монет Капитал, Ард Актив, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл буюу ХасБанк зэрэг банк санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурьтай компаниуд багтдаг бөгөөд тус компанийн хөрөнгө оруулалтын санд Техник Технологийн Дээд Сургууль, Тэнгэр Системс, Вайлд Дижитал Агентлаг зэрэг компаниуд мөн багтдаг болно.

Улаанбаатар хот, 2014 оны 10 дугаар сар 3