Ard Holdings
by

АРДЫНХАН ТҮҮХЭН ШИЙДВЭРЭЭ ХАМТДАА ГАРГАЛАА 2018-04-30

Пресс РилизУлаанбаатар хот

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 28-нд Туушин зочид буудалд “Түүхэн шийдвэрийг хамтдаа гаргая” уриан дор амжилттай болж өнгөрлөө. Өглөөний 10.00 цагаас эхлэн хувьцаа эзэмшигчид цувран ирж, гарын бэлэг, жилийн тайланг хүлээн аваад Ард Базаар буюу хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнтэй танилцаж байлаа. 11 цаг буюу морин цагт танхимд 500 гаруй хүн цугларсан бөгөөд бөмбөрийн нүргээнтэй зэрэгцэн компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хурлыг нээлээ.

Тэрбээр “Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн шийдвэр гаргахаар хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон нийтэд нээлттэй хийж буйгаараа онцлогтой. Хувьцаа эзэмшигч гээд хэдэн хүн ирж суудаг, хаалттай байдлаар явагддаг жишгийг халж байна. Энэ жишиг олон компанид үлгэр жишээ болно гэдэгт итгэж байна. Бид 80 гаруй хувийн ирцтэйгээр хурлаа хийж байна. Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК өнөөдөр 3,000 хувьцаа эзэмшигчтэй. 3,000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байна. Цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байна. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн Хөрөнгө оруулагч үндэстэн болох зорилт руугаа бид дахин нэг алхам урагшиллаа. Хөрөнгийн биржид хувьцаа нь эрэлттэй байгаа Жинст Увс компанитай бид нэгдлээ. Ингэснээр 28 сая гаруй хувьцааг арилжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувьцаа эзэмшигч хувьцааг эргэлтэд оруулж, зээл авах боломжийг бүрдүүллээ. Мөн Грэйп Сити компанитай хамтран ArdPay шинэ аппликэйшнийг гаргалаа. Үүгээр дамжуулж иргэд төлбөр тооцоо зэрэг санхүүгийн үйлчилгээг гар утаснаасаа авах бүрэн боломжтой болж байгаа юм. GoPay гэдэг нь дотоодод хийсэн криптовалютын аппликэйшн юм. Бид GoPay аппликэйшнээр дамжуулж биткойноор чөлөөтэй төлбөр тооцоо хийх, зээл авах боломжийг олгож буйгаараа онцлогтой” хэмээн өгүүлэв.

Хуралд оролцогсод Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлантай танилцаж, Жинст Увс ХК-тай нэгдэх түүхэн шийдвэрээ гаргалаа. Нийт 3,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй тус компанийн бүрэлдэхүүнд 12 охин компани багтдагаас Ард Даатгал, Ард Секюритиз, Ард Кредит, Ард Лайф, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Монгол Шуудан зэрэг компанийн эрч хүчтэй захирлууд мөн тайлангаа тавив. Ард Санхүүгийн Нэгдлийн нийт хөрөнгө 39.4 тэрбум төгрөгөөс 49.7 тэрбум төгрөгт хүрч 64 хувийн өсөлттэй, нэгж хувьцааных нь ханш 20 хувиар өсч 2,955 төгрөгийн үнэлгээтэй болоод байна.

Хурлын дараа Грэйп Сити компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Сүхдорж “Дэвшилтэт технологи санхүүгийн салбарт амжилттай хэрэгжих боломжтой юу?” сэдвээр, Сингапурын санхүүгийн зөвлөх Шон Онг “Амьдралын даатгал” сэдвээр өөрийн компанийн үйл ажиллагаанд тулгуурласан илтгэл тавьж хуран цугларсан хувьцаа эзэмшигчдийнхээ мэдлэгт дусал нэмлээ.

Үдээс хойш Жинст Увс буюу Хөрөнгө Оруулагч Үндэстэн компанийн хурал эхэлж, хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаа, санхүүгийн жилийн тайлантай нь танилцаж, түүхэн шийдвэрийг хамтдаа гарган, тус хоёр компанийг нэгтгэх саналыг олонхиороо дэмжлээ. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 1,000 төгрөгийн үнэлгээтэй 28,614,263 ширхэг хувьцаатай нээлттэй компани болох болзол бүрдлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Монгол Шуудан, Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, ТэнГэр Системс, ГөүПей, Номын Хишиг, Жинст Увс зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Холбоо барих утас: 77073322, 77078181

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com