by

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСАД 1.35 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОХООР БОЛОВ 2017-06-07

2017-06-02
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн Хөгжлийн банк ирэх дөрвөн жилд Монгол Улсад 1.35 тэрбум долларын зээл олгохоор боллоо. 2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд эхний ээлжид 250 сая долларын бодлогын зээлийн баримт бичигт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан юм. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжих хугацаанд зорилтот бүлэгт чиглэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын тогтвортой байдал, оновчтой бүтцийг дэмжих зорилгоор энэ бодлогын дээрх зээлийг олгож байна. Азийн Хөгжлийн банкны хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт зарцуулах зээлийн хэмжээ 100 сая доллар байгаа бөгөөд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах юм байна. Үүгээр дамжуулан банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, цаашид тогтвортой байдлыг хангах, банкны хяналт шалгалтыг сайжруулах гэх мэт 12 бодлогын арга хэмжээ авна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум долларын санхүүжилт авахаар хүлээгдэж байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50-иас дээш хувьтай тэнцэж байгааг Сангийн сайд мэдээллээ. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас 500 сая долларын зээл авахаар төлөвлөж байгаа ба зээлийн хүү 0.2 хувь, эргэн төлөх хугацаа 30 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэхүү зээлийг аймгуудад дулааны цахилгаан станц барих, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгааг Сангийн яам мэдээлэв. Үүнээс гадна Япон улсын Засгийн газраас 850 сая долларын нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авах хүлээлттэй байна. Хэдийгээр нөхцөлийг нь эцэслэн тохироогүй байгаа боловч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "Энэхүү зээл Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна" гэж мэдэгджээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн дараагийн буюу гуравдугаар шатанд Японы тал 150 сая долларын зээл олгох асуудал яригдаж байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрөөс гадна Монгол Улс Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум долларын зээлийг авна. Жилийн 1.75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай энэхүү зээлийн үндсэн төлбөрөөс эхний таван жилд чөлөөлөгдөх бөгөөд энэ зээлээр "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.
www.bloombergtv.mn